Өндөр чанартай үр дүн
Манай нөхөрлөлийн хуульчид нь хууль зүйн зөвлөгөө өгөх болон компанийн эрх зүйн хүрээнд бусад хууль зүйн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр арвин туршлага хуримтлуулсан бөгөөд бид үйлчлүүлэгчиддээ банк, санхүү, компанийн эрх зүйтэй холбоотой олон төрлийн хууль зүйн үйлчилгээг үзүүлдэг. Хийж гүйцэтгэсэн зарим ажлуудаас дурьдвал:
- “Оюу Толгой” ХХК ба гүйцэтгэгч компанийн Ажил гүйцэтгэх гэрээнд хууль зүйн дүгнэлт хийсэн.
- “Хас” Банкинд лизингийн гэрээний асуудлаар хууль зүйн дүгнэлт гаргаж ажилласан.
- “Таван богд” ХХК-ийн барилгын ажил гүйцэтгэх гэрээнд хууль зүйн дүгнэлт гаргаж ажилласан.
- Schulze Global Investment компанийн хөрөнгө оруулалтын гэрээнд хууль зүйн дүгнэлт гаргаж өгсөн.
- Бүгд Найрамдах Сингапур Улсын хөрөнгө оруулалттай UBSPP компанийн охин компанийг үүсгэн байгуулж, барилгын төсөл худалдаж авах асуудлаар хууль зүйн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлсэн.
- Бүгд Найрамдах Сингапур Улсын хөрөнгө оруулалттай “ Морнингстар Лэнд” ХХК-ийг үүсгэн байгуулах, тус компанид, компанийн засаглал, барилгын салбарын эрх зүйн орчны талаар хууль зүйн дүгнэлт гаргаж зөвлөгөө өгсөн.
- БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Аустмон Инвестмент Групп” ХХК болон “Проперсити Констракшн” ХХК-уудыг үүсгэн байгуулах, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин, үл хөдлөх эд хөрөнгийн эрх зүйн орчны талаар хууль зүйн дүгнэлт боловсруулж зөвлөгөө өгч ажилласан ба үүний үр дүнд Аустмон Инвестмент Групп” ХХК, “Проперсити Констракшн” ХХК-ууд хуулийн дагуу үүсгэн байгуулагдаж, Монгол Улсад үйл ажилагаагаа амжилттай явуулж байна.
- Эрчим хүчний компанид компанийн засаглал, хувьцаа шилжүүлэх ажиллагаа болон олон улсын бүтээгдэхүүний патентын асуудлаар зөвлөгөө өгсөн.
- Австрали, ливаны хөрөнгө оруулалттай дэд бүтцийн чиглэлийн компанийг Монголд үүсгэн байгуулах, дэд бүтцийн төсөлд хөрөнгө оруулах асуудлаар хууль зүйн зөвлөгөө өгч, компанийн засаглалын баримт бичгүүдийг боловсруулсан.
Дээр дурьдсанаас гадна бид дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай компани, бусад аж ахуйн нэгжид хуулийн магадлан шалгалт /legal due diligence/ хийх, хууль зүйн дүгнэлт гаргах, хуулийн этгээд үүсгэн байгуулах, гэрээний төсөл боловсруулах болон хянах зэрэг хууль зүйн бусад үйлчилгээг үзүүлдэг.
Бид үйлчлүүлэгчиддээ тэдний Монгол Улс дахь бизнесийн үйл ажиллагаа болон холбогдох баримт бичгийг шалгахдаа хуулийн магадлан шалгалт хийж үйлчилдэг. Хуулийн магадлан шалгалт хийх ажиллагаа нь үйлчлүүлэгчийн саналын дагуу тухайн бизнесийн эрх зүйн бүхий л баримт бичгүүдийг хянах, шалгах эсхүл эрх зүйн тодорхой баримт бичгүүдийг шалгах бөгөөд ингэхдээ хууль зүйн ерөнхий хяналтыг хамт хийх боломжтой байдаг. Манай нөхөрлөл нь Монголд хэрэгжүүлэх барилгын төслийг худалдан авах асуудалтай холбоотойгоор төслийг хэрэгжүүлэх газрын асуудлаар Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Бүгд Найрамдах Швейцарийн үйлчлүүлэгчдэд хуулийн магадлан шалгалтыг амжилттай хийж өгсөн. Хамгийн сүүлд бид БНХАУ-ын компаниас Монголд хэрэгжүүлэх барилгын хэд хэдэн томоохон төсөл хэрэгжүүлэх компани болон газрууд дээр хуулийн магадлан шалгалтыг амжилттай хийж дуусгаад байна.
Манай хуульчид нь Монголын Өмгөөлөгчдийн Холбооноос олгосон зөвшөөрөл бүхий мэргэшсэн өмгөөлөгчид бөгөөд үйлчлүүлэгчээ шүүх ажиллагаанд бүрэн төлөөлж, тэдний эрх, ашиг сонирхлыг хамгаалах бүрэн чадвартай. Бид шүүхийн ажиллагаанд “M-Си-Эс Интернэйшнл” ХХК, “Нью Прогресс” ХХК, “Очир Төв” ХХК болон өөр бусад олон компани, хувь хүмүүсийн эрх ашгийг хамгаалж амжилттай ажилласан. Мөн бид “Говь” ХК-ийг төлөөлж компанийн эрх, ашиг сонирхлыг Францын иргэн, аж ахуйн нэгжийн өмнө хамгаалсан.
“Өмгөөллийн И Эл Би Партнерс” XXН-нь дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэлээдгүй туршлага хуримтлуулсан бөгөөд бид зөвхөн Монгол Улсын шүүхийн ажиллагаагаар зогсохгүй гадаадын улс орнуудын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үйлчлүүлэгчээ төлөөлж тэдний эрх, ашиг сонирхлыг хамгаалдаг. Тухайлбал, бид Европын холбооны гишүүн улсад үүссэн дампуурлын хэрэгт өөрийн үйлчлүүлэгчийн эрх, ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалж амжилттай ажилласан. Мөн бид Монгол Улсын үйлдвэрлэлийн компанитай холбоотой олон сая долларын дампуурлын хэрэг дээр ажилласан.
Манай фирм өөрийн гадаад үйлчлүүлэгчиддээ хөрөнгө оруулагчийн цахим үнэмлэх, виз, визийн зөвшөөрөл болон оршин суух зөвшөөрөлтэй холбоотой дараах үйлчилгээг үзүүлж байна. Үүнд:
- Холбогдох төрийн байгууллагаас хөрөнгө оруулагчийн визийн зөвшөөрөл авах, түүний хугацааг сунгуулах
- Олон удаагийн визийн зөвшөөрөл авах, түүний хугацааг сунгуулах
- Хөрөнгө оруулагч гадаадын иргэн, түүний гэр бүлийн гишүүдэд оршин суух зөвшөөрлийн үнэмлэх авах, түүнийг сунгуулах
- Хөдөлмөр эрхлэгч гадаадын иргэн болон түүний гэр бүлийн гишүүдэд виз гаргуулах, оршин суух зөвшөөрлийн үнэмлэх авах, сунгуулах
- Урилга явуулах, урилгаар ирсэн иргэний визийн хугацааг сунгуулах
- Хөрөнгө оруулагчийн цахим үнэмлэх авах
- Бусад виз, зөвшөөрөлтэй холбоотой үйлчилгээг байнга үзүүлж байна.
Манай хуулийн фирмийн үйл ажиллагаа улам өргөжин тэлсээр байгаа бөгөөд бид Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Холбооны Швейцар Улс, Австрали, Бүгд Найрамдах Сингапур Улс, Араб, Монгол зэрэг гадаадын болон дотоодын компани, аж ахуй нэгж, хувь хүмүүстэй урт хугацаанд үргэлжлэх байнгын “Xууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээ” байгуулан амжилттай хамтран ажиллаж байна.