Арилжааны банк болон санхүүгийн бусад байгууллагууд зээлдэгчээс зээлийн шимтгэл авах эрхтэй юу?


Манай улсад зээл авч байгаа иргэн бүр зээл олгож буй арилжааны банканд зээлийн шимтгэл төлдөг.  Тэгвэл банк зээлдэгчээс зээлийн шимтгэл авах нь хууль зүйн үндэслэлтэй эсэхийг  МУИС-ийн Хууль зүйн сургуулийн ахлах багш, Өмгөөллийн “И Эл Би Партнерс” ХХН-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Д.Энхзул, тус нөхөрлөлийн ахлах хуульч О.Майцэцэг нараас тодрууллаа.


- 2011 оноос хойш ШӨХТГ болон нэр бүхий арилжааны банкнууд хооронд зээлийн шимтгэл, хураамжтай холбогдох хэд хэдэн маргаан шүүхээр шийдвэрлэгдсэн байдаг. Тухайн хэргүүд хэрхэн шийдвэрлэгдэж байсан байв? 

Захиргааны хэд хэдэн хэрэг захиргааны хэргийн шүүхээр хянан шийдвэрлэгдсэн байдаг. Эдгээрээс нэг маргааны талаар тодруулж авч үзье. Тухайн үед “Ариг банк” ХХК, “Голомт банк” ХХК, “Капитрон банк” ХХК, “Хас банк” ХХК, “Хаан банк” ХХК, “Худалдаа хөгжлийн банк” ХХК, “Улаанбаатар хотын банк” ХХК-иас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын нэр бүхий улсын байцаагчдад холбогдуулан улсын байцаагчийн дүгнэлт, албан шаардлагыг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэрэг Улсын Дээд Шүүхийн 2016 оны 138 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдсэн байдаг. Улсын дээд шүүх шийдвэрээ Төв банк нь Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 19, 28 дугаар зүйлд заасан банкны үйл ажиллагааг зохицуулах, албадлагын арга хэмжээ авахтай холбогдсон дүрэм, журам, заавар, аргачлал болон холбогдох бусад шийдвэр гаргаж, хэрэгжилтэд нь хяналт тавих  эрхийнхээ хүрээнд зээлийн шимтгэл, хураамж авах талаар зохицуулсан дүрэм, журмыг батлах бүрэн эрхтэй гэж үндэслэсэн байдаг. Өөрөөр хэлбэл Монгол банкнаас баталсан журмаар зээлийн шимтгэл, хураамж авахыг зөвшөөрсөн тул арилжааны банк зээлийн шимтгэл авах нь хуульд нийцсэн гэж дүгнэсэн байгаа юм. 

- Танай зүгээс Монголбанкнаас баталсан тухайн журам нь хуульд  нийцсэн гэж үзэж байна уу?

Монгол Улсын Төв банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасны дагуу Төв Банк гэдэгт улсын хэмжээнд төрийн мөнгөний бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагыг ойлгодог. Хуулиар энэ байгууллагын үндсэн зорилтыг үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн зах зээл, банкны тогтолцооны тогтвортой байдлыг хангах замаар эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд дэмжлэг үзүүлэх явдал гэж тодорхойлсон байна. Дээрх үндсэн зорилтоо хэрэгжүүлэхдээ ямар төрлийн үйл ажиллагаа эрхэлж болох талаар Төв банкны тухай хуулийн 5 дугаар зүйлээр зохицуулсан байдаг. Үүнд мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргах, мөнгөний бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, Засгийн газрын санхүүгийн зуучлагчийн үүрэг гүйцэтгэх, банк болон хуульд тусгайлан заасан этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавих, үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих, гадаад валютын улсын нөөцийг эзэмших, удирдах, банкны харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, макро зохистой бодлого хэрэгжүүлэх үйл ажиллагаа хамаарч байна. Ийнхүү хууль тогтоогч эрхлэх үйл ажиллагааг тусгайлан тоочин заасан байх тул Монгол банкны эрхлэх үйл ажиллагаа энэ хүрээгээр хязгаарлагдана гэж ойлгоно.

Төв банкны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасны дагуу Монгол банк банкны өөрийн хөрөнгө, төлбөрийн чадварыг хангуулах, үйл ажиллагааг нь зохицуулах, албадлагын арга хэмжээ авахтай холбогдсон дүрэм, журам, заавар, аргачлал болон холбогдох бусад шийдвэр гаргаж, хэрэгжилтэд нь хяналт тавих эрхтэй байна.

Тэгвэл Улсын Дээд Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон Монгол банкны Ерөнхийлөгчийн баталсан “Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам” нь хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсгийн хүрээнд гарсан журам гэж үзэх боломжгүй байна.


- Магадгүй энэ хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасан “…үйл ажиллагааг нь зохицуулах…” хүрээнд шимтгэлтэй холбогдуулан журмаар зохицуулалт хийсэн гэж тайлбарлаж болох юм.


Бүр цаашилбал банкны зээлийн үйл ажиллагааг зохицуулах зорилгоор энэ журмыг баталсан гэж зөвтгөхийг оролдож болох юм. Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дах хэсэгт “Банкны зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна” гэж заасан байх ба энэ харилцааг зохицуулсан тусгайлсан хууль бол Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль юм. Энэ хуулиар зээлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ зээлдэгчийн хувийн байдал, зээл төлөх чадвар, барьцаа хөрөнгийн байдал гэх мэт мэдээллийг судалж, үйлчилгээний шимтгэл авах талаар огт зохицуулаагүй байдаг.

- Тухайн үед банкнууд зээлийн шимтгэлийг хэрхэн “зөвтгөж” байв?

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсгийг үндэслэсэн тохиолдол байдаг. Энэ зүйлд зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно гэж заасан байна. Зээлийн шимтгэлийн тухай гэрээний нөхцөл нь ердийн нөхцөл бус харин стандарт нөхцөл болохыг дээр дурдсан тул энэ зүйл нь шимтгэлийг зөвтгөх үндэслэл болж чадахгүй нь ойлгомжтой.

Мөн Монгол банкны Ерөнхийлөгчийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн А-203 тоот тушаалаар дээрх журам шинэчлэн батлагдсан байх ба тушаалыг Төв банкны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.7, 19 дүгээр зүйлийн 19.1, 28 дугаар зүйлийн 28.1.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5, 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсгийг үндэслэн гаргасан байдаг. Гэтэл дээр дурдсан хуулийн зохицуулалтын агуулгаас үзэхэд Монгол банкны Ерөнхийлөгч арилжааны банканд зээлдэгчээс зээлийн шимтгэл авах эрх олгох үр дагавар бүхий эрх зүйн акт гаргахыг зөвшөөрөөгүй байна. 

Үүнээс гадна Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлээр Монгол банкны тусгай зөвшөөрөлгүйгээр эрхэлж болох арилжааны банкны үйл ажиллагааны талаар зохицуулсан байдаг. Энэ зүйлийн 6.1-6.11 дэх хэсэгт заасан арилжааны банкны ашгийн төлөөх үйл ажиллагаанд зээлдэгчийн хувийн байдал, санхүүгийн чадвар, барьцаа хөрөнгийг судлах асуудал хамаараагүй бөгөөд энэ зүйлийн 6.1.12 дэх хэсэгт заасан “хууль тогтоомжоор хориглоогүй бөгөөд Монголбанкнаас зөвшөөрсөн санхүүгийн бусад ажил, үйлчилгээ”-нд ч хамаарахгүй гэдэг нь тодорхой юм. 


Тэгэхээр дээр дурдсан асуудлыг нэгтгэн дүгнэвэл Монгол банкны Ерөнхийлөгчийн тушаалаар батлагдсан журмын шимтгэлтэй холбогдох хэсэг нь эрх зүйн хэм хэмжээний акт нь хуульд нийцсэн байх шаардлагыг хангаагүй ба  арилжааны банк энэхүү журмыг үндэслэн хуулиар зөвшөөрөөгүй үйл ажиллагааг хариу төлбөртэйгөөр эрхэлж зээлдэгчийн эрх, ашиг сонирхлыг зөрчиж байна.


- Монголбанкны ерөнхийлөгчийн баталсан журам хуульд нийцээгүй гэж үзье. Гэтэл энэ журам байсан байгаагүй арилжааны банк өөрийн боловсруулж буй зээлийн гэрээндээ шимтгэл авах зохицуулалтыг тусгаж, түүнийг нь зээлдэгч зөвшөөрч гарын үсэг зурснаар тухайн шимтгэл хууль ёсны болох уу? 

Таны асуултад хариулахын тулд шимтгэлийн асуудлыг иргэний эрх зүйн талаас нь авч үзэх ёстой. Таны хэлсэнчлэн банкны боловсруулсан зээлийн гэрээнд шимтгэлийн талаарх зохицуулалтыг тусгасан байдаг. Банк, бусад зээл олгогч санхүүгийн байгууллагын зээлийн гэрээний дийлэнх нөхцөл нь гэрээний стандарт нөхцөл байдаг. Үүнд шимтгэлийн талаарх зохицуулалт ч хамаарна. Хэрэв энэхүү стандарт нөхцөл хүчин төгөлдөр бус бол зээлийн шимтгэл тооцож авсаныг хууль ёсны гэж үзэх боломжгүй болно. Өөрөөр хэлбэл зээлдэгч шимтгэл нэрээр төлсөн мөнгөө банкнаас буцаан шаардах эрхтэй болох юм. 

- Эхлээд гэрээний стандарт нөхцөлийн талаар дэлгэрэнгүй тайлбарлаж болох уу? 

Иргэний хуулийн 200-р зүйлийн 200.1 дэх хэсэгт “Гэрээний нэг тал нь нөгөөдөө санал болгож байгаа, хуулиар тодорхойлоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон, байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон нөхцөлийг гэрээний стандарт нөхцөл гэнэ” гэж заасан байдаг. Энгийнээр тайлбарлавал аж ахуй эрхлэгч байгууллагын зүгээс олон тоогоор байгуулагдах гэрээнд зориулан стандарт нөхцөлийг урьдчилан бэлтгэдэг. Өөрөөр хэлбэл зөвхөн тухайн гэрээний хувьд бус харин тухайн төрлийн гэрээнд байнга хэрэглэгдэх шинжтэй байхаас гадна Мөн нэг талаас тогтоосон буюу талууд тухайн нөхцөлийн талаар харилцан тохиролцож тогтоогоогүй байх ёстой. Энэ тохиолдолд тухайн нөхцөлийг стандарт нөхцөл гэж үзэх юм. 

Зээлийн гэрээнд тусгасан байдаг зээлийн үнийн дүнгээс тодорхой хувиар тооцон шимтгэл авах талаарх нөхцөл нь дээр дурдсан стандарт нөхцөлд хамаарна. Банк, банк бус санхүүгийн байгууллагаас тогтоосон энэхүү нөхцөлийг зээлдэгч өөрчлөх, гэрээнээс хасах боломж байхгүй буюу үүнийг зөвшөөрснөөр зээлийн гэрээ байгуулагдах боломжтой байдаг.

Гэрээний нэг хэсэг болох зээлийн шимтгэлийн талаарх гэрээний стандарт нөхцөл нь хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан байхаас гадна маргаан бүхий тохиолдолд шүүх агуулгын шалгалт хийж хүчин төгөлдөр эсэхийг тогтоодог.

Гэрээний стандарт нөхцөлийг гэрээний нэг тал урьдчилан тогтоодог тул өөрт ашигтай нөхцөлийг бүрдүүлэх, улмаар нөгөө талд хохиролтой байдлаар гэрээ байгуулах зэрэг сөрөг нөлөө бий болох боломжтой учраас гэрээний нэг талд бүрдсэн давуу байдлыг нөгөө талын ашиг сонирхолтой тэнцвэржүүлэх зорилгоор Иргэний хуулийн 200-202 дугаар зүйлд стандарт нөхцөлд тавигдах агуулгын болоод хэлбэрийн шаардлагыг тусгасан байдаг. 

Хэлбэрийн шаардлагын хүрээнд стандарт нөхцөлийг тогтоож буй тал нь нөгөө талдаа тухайн нөхцөлтэй танилцах боломжийг бий болгосон эсэхийг шалгадаг. Танилцах боломж олгосон байдал нь гэрээний стандарт нөхцөлийг гэрээний  нөгөө талд гардуулах, илгээх, уншиж өгөх зэрэг ямар ч хэлбэрээр хэрэгжих боломжтой бөгөөд үүний үр дүнд гэрээний нөгөө тал гэрээ байгуулах эсэх шийдвэрийг гаргахад стандарт нөхцөлийн талаар бүрэн дүүрэн ойлголт авсан байх ёстой. Банкны хувьд зээл олгох нөхцөлийн талаар өөрийн цахим хуудсандаа байршуулдаг бөгөөд сонирхол бүхий этгээд энэ байдлаар танилцах боломжтой байдаг. Түүнчлэн зарим тохиолдолд зээлийн эдийн засагч зээл олгохдоо шимтгэл авах талаар зээлдэгчид мэдэгдсэн байдаг. Иймээс зээлийн шимтгэл авах тухай гэрээний стандарт нөхцөл нь хэлбэрийн талаасаа шаардлага хангаагүй байх нь ховор юм. Хэдийгээр хэлбэрийн шаардлага хангасан ч агуулгын хувьд хүчин төгөлдөр бус байх буюу шүүхээс хэрэгжүүлэх агуулгын шалгалтаар хүчин төгөлдөр бус болох нь тогтоогдож болно.

- Агуулгын хувьд хүчин төгөлдөр эсэхийг нь яаж тогтоох вэ?

Дээр дурдсаны дагуу стандарт нөхцөлийг гэрээний нэг тал тогтоодог тул  түүнд бий болсон давуу байдлыг нөгөө талын ашиг сонирхолтой тэнцвэржүүлэх, гэрээний “сул” талын эрх, ашиг сонирхлыг хамгаалах, ашиг сонирхлоо давамгай хамгаалсан зохицуулалтыг хязгаарлах зорилгоор хууль тогтоогч Иргэний хуулинд агуулгын шалгалтын талаар зохицуулалтыг  202 дугаар зүйлд тусгасан байдаг. Гэхдээ стандарт нөхцөл бүр агуулгын шалгалтад хамрагдах боломжгүй. Энэ нь манай Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн агуулгаас тодорхой харагддаг. 

Германы Иргэний хуулийн 307 дугаар зүйлийн 307.3 дахь хэсэгт заасны дагуу зөвхөн эрх зүйн зохицуулалтаас хазайсан эсвэл түүнийг нөхсөн стандарт нөхцөл л агуулгын шалгалтад хамрагдахаар зохицуулсан байдаг. Түүнчлэн хуулийн зохицуулалтыг давтсан, гэрээний зүйлийг тодорхойлсон (жишээ нь гэрээгээр хүлээх үүргийн төрөл, хүрээ зэргийг тодорхойлсон), үндсэн үүргийн хэмжээг тогтоосон нөхцөл нь агуулгын шалгалтад хамаардаггүй.

Манай улсын Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1, 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт заасны дагуу хуулиар тодорхойлоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон нөхцөл нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байхаар байна. Тиймээс зээлийн шимтгэл авах тухай гэрээний заалт нь хуулиар тодорхойлоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон нөхцөлд агуулгын шалгалт хийх нөхцөлд хамаарах юм. Банк зээлийн шимтгэлийн талаарх стандарт нөхцөлөөрөө хуулиар тодорхойлоогүй журмыг тогтоосон тул энэ нь агуулгын шалгалтад хамрагдах нөхцөл гэж үзэж байна.

Хэрэв агуулгын шаардлага хангаагүй болох нь тогтоогдвол ИХ-ийн 202 дугаар зүйлийн 202.2.5 дахь хэсэгт заасны дагуу тухай нөхцөл хүчин төгөлдөр бус байна.

Хууль тогтоогч 202 дугаар зүйлийн 202.2, 202.3 дахь хэсэгт гэрээний стандарт нөхцөл хүчин төгөлдөр бус байх тухайлсан тохиолдлуудын талаар зааж өгсөн. Энэ зохицуулалтаар бүхий л тохиолдлыг хамрах боломжгүй учраас 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт стандарт нөхцөлийг гэрээнд тусгасан ч тэр нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байхаар зохицуулсан гэж ойлгож болно.

Тухайн нөхцөл харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш эсэхийг шалган тогтоохдоо хэд хэдэн нөхцөл шалгуурыг харгалзан үздэг. Үүнд:

-Тухайн стандарт нөхцөл тодорхой бус, ойлгомжгүй буюу ил тод байх зарчмыг зөрчсөн эсэх;

-Тухайн стандарт нөхцөл нь хуулийн зохицуулалтын үндсэн санаанд (зорилго) нийцээгүй, хуулийн зохицуулалтыг зөрчсөн эсэх;

-Тухайн гэрээний мөн чанартай салшгүй холбоо бүхий гол эрх, үүргийг хязгаарлаж байгаа ба ингэснээр гэрээний зорилгод хүрэх боломжгүй нөхцөл байдал үүсэж байгаа эсэх.  

Зээлийн шимтгэлийн тухай нөхцөл нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, нөгөө талдаа хохиролтой эсэхийг тогтоохоос өмнө шимтгэлийн талаар холбогдох эрх зүйн актад хэрхэн тодорхойлсон байдаг вэ гэдгийг анхаарч үзэх шаардлагатай. Монгол банкны ерөнхийлөгчийн 2018 оны 7 сарын 23-ны өдрийн А-203 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан “Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл,  хураамжийн ил тод байдлыг журам” –ын  1 дүгээр зүйлийн 1.3.17 дахь хэсэгт “шимтгэл гэж санхүүгийн үйлчилгээний зардлыг санхүүжүүлэх зорилгоор банкнаас тогтоож, харилцагчаар төлүүлж буй үнийн дүнгийн тодорхой хувийг ойлгоно” гэжээ.

Банк зээл олгохоосоо өмнө зээлдэгчийн хувийн байдал, зээлийн эрсдэлийг судлах ажлыг гүйцэтгэсний төлөө гарсан зардлыг зээлдэгчээс авсан шимтгэлээр санхүүжүүлдэг гэж тайлбарладаг. Монгол Улсын Иргэний хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлийн гэрээгээр зээлдэгч нь гагцхүү зээлийг ашигласан хугацаанаас хамааралтай зээлийн хүүг л төлөх үүрэгтэй байдаг. Харин зээлийн шимтгэл нь нэг удаа төлж байгаа, зээлийн мөнгөн хөрөнгийг ашигласан хугацаанаас үл хамааралтай, зээлийн үнийн дүнгээс тодорхой хувиар тооцон авч буй хураамж юм. Иймээс энэхүү хураамж нь дээр дурдсан зээлдэгчийн хуулиар хүлээсэн үүрэг болох хүүтэй хамааралгүй. Энэ тохиолдолд банк зээлийн гэрээ байгуулахаас өмнө өөрт нь бий болж буй зардлаа зээлдэгчээс төлж буй хүүгээс олсон орлогоороо хариуцах ёстой тул зээлийн шимтгэл шаардах эрхгүй байна.   

Банк зээл авах хүсэлт гаргасан этгээд бүртэй гэрээ байгуулах үүрэг хүлээдэггүй. Тэрээр хэнтэй гэрээ байгуулах эсэхээ өөрөө шийдвэрлэх эрхтэй.

Банкны зүгээс гэрээ байгуулах эсэхээ шийдвэрлэхийн тулд эрсдэлтэй зээл олгохоос сэргийлэх зорилгоор дээр дурдсан судалгааг хийдэг тул судалгааны үйл ажиллагаа нь өөрийнх нь ашиг сонирхолд чиглэсэн үйл ажиллагаа юм. Иймээс үүнтэй холбогдон гарсан зардал нь зээлдэгчээр төлүүлж болох зардал биш юм. Тодруулж хэлбэл зээл олгохтой холбоотойгоор зээлдэгчийн хувийн мэдээллийг олж судлах нь зээлдүүлэгчийн үүрэг тул үүнийг үйлчилгээ үзүүлсэн гэж үзэхгүй. 

Банк нь ашгийн төлөө үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээд бөгөөд хуулийн этгээд нь өөрийн үйл ажиллагааны зардлыг өөрийн эргэлтийн хөрөнгөөр хариуцдаг. Цаашлаад Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт заасны дагуу зээл олгохдоо тухайн зээлдэгчийн санхүүгийн чадвар, бусад банкнаас авсан зээл, мэдээллийг холбогдох байгууллагаас авах эрхийг банк, банк бус санхүүгийн байгууллагад олгосон байдаг. Нөгөө талаас зээлдэгчийн талаар судалгаа хийх үйл ажиллагааг хариу төлбөртэйгөөр эрхэлж болох талаар хуульчлан зохицуулаагүй. Тодруулж хэлбэл арилжааны банкны эрхлэх үйл ажиллагаанд хамаарахгүй. 

Иймээс банкны зүгээс зээл олгохтой холбоотой өөрийн үйл ажиллагааны зардлаа зээлийн шимтгэл нэрийн дор зээлдэгчээр төлүүлэх зорилго бүхий гэрээний стандарт нөхцөл нь гэрээний нөгөө талд хохиролтой байх тул гэрээний стандарт нөхцөл нь агуулгын шалгалтын үр дүнд хүчин төгөлдөр бус болох нь тогтоогдох боломжтой гэж үзэж байна.

- Хэрэв зээлийн шимтгэлийн талаарх гэрээний стандарт нөхцөл хүчин төгөлдөр бус бол зээлдэгч шимтгэлд төлсөн мөнгөө банк, бусад зээл олгогч байгууллагаас хэрхэн буцаан шаардах вэ? 

Шүүхэд нэхэмжлэл гаргах замаар шаардлага хэрэгжүүлэх боломжтой. Хэрэв зээлийн шимтгэлийн талаарх стандарт нөхцөл нь шүүхээс хүчин төгөлдөр бус гэдэг нь тогтоогдвол Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасны дагуу зээлдэгч зээлийн шимтгэлд төлсөн мөнгөө банкнаас буцаан шаардах эрхтэй.

Зээлдэгч Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсгийн дагуу шимтгэлд төлсөн мөнгийг буцаан шаардахын тулд нэхэмжлэгч хариуцагчийн өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хөрөнгө шилжүүлсэн ба хариуцагч энэ хөрөнгийг үндэслэлгүй олж авсан байх ёстой. Банк зээлийн гэрээ байгуулж, зээлийг зээлдэгчид олгохдоо зээлийн нийт үнийн дүнгээс шимтгэлийг тооцож суутган үлдэх хэсгийг зээлдэгчийн дансанд шилжүүлдэг. Ийм байдлаар хариуцагч нэхэмжлэгчийн өмнө өөрийн гүйцэтгэх байсан зээлийн шимтгэл төлөх үүргээ гүйцэтгэж, хөрөнгийг шилжүүлсэн гэж үзэж болох юм.

Үүнээс гадна Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасны дагуу банк зээлийн шимтгэлийн мөнгөн хөрөнгийг ашигласны улмаас олсон үр шимийг нэгэн адил хариуцах үүрэгтэй. Үүнд зээлдэгчийн шимтгэлд төлсөн хүү мөн хамаарах юм. Ийнхүү шимтгэлийн талаарх стандарт нөхцөл хүчин төгөлдөр бус ч зээлийн гэрээний үлдсэн хэсэг хүчин төгөлдөр байх тул Иргэний хуулийн 451.1 дэх хэсэгт заасны дагуу банк зээлийг хүүгийн хамт буцаан шаардах эрхтэй байна. 

- Зээлээ төлөөд дуусчихсан болон одоо төлж байгаа бүх хүмүүс дээр дурдсаны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой юу? 

Энэ асуудлын хүрээнд хөөн хэлэлцэх хугацааг анхаарч үзэх шаардлагатай. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнтэй холбоотой шаардах эрхийн хувьд хөөн хэлэлцэх хугацаа 10 жил байдаг. Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тооцно. Шаардах эрх үүссэн үе гэдэгт эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн эсхүл мэдэх ёстой байсан үеийг ойлгоно. Энэ тохиолдолд эрх зөрчигдсөн эсхүл зөрчигдсөн гэдгээ мэдсэн, мэдэх ёстой байсан гэдгийг шүүх хэрхэн тогтоох вэ гэдэг нь чухал.

- Гадаадын улс орнуудын жишээ ямар байдаг вэ? Зээлийн шимтгэлийг тэглэж чадсан улс орны туршлагаас дурдвал?

Бидний хувьд ХБНГУ, БНСУ-н нөхцөл байдлыг судалсан. ХБНГУ-ын хувьд 2011 оноос хойш хэд хэдэн шүүхийн шийдвэрүүд гарсан. Энэхүү шийдвэрүүдээр гэрээний стандарт нөхцөлийг зээлдэгчид илэрхий хохиролтой нөхцөл гэж үзээд банкнаас үндэслэлгүй хөрөнгөжсөн мөнгөн хөрөнгийг гаргуулахаар гэж үзээд шийдвэрлэсэн байдаг. БНСУ-ын хувьд анх манай улсын адил шимтгэл авч байгаад  хожим нь банк болон бусад зээл олгогч байгууллагууд шимтгэл авахаа зогсоосон байдаг. 


http://live1.mn/%d0%b0%d1%80%d0%b8%d0%bb%d0%b6%d0%b0%d0%b0%d0%bd%d1%8b-%d0%b1%d0%b0%d0%bd%d0%ba-%d0%b1%d0%be%d0%bb%d0%be%d0%bd-%d1%81%d0%b0%d0%bd%d1%85%d2%af%d2%af%d0%b3%d0%b8%d0%b9%d0%bd-%d0%b1%d1%83%d1%81%d0%b0/?fbclid=IwAR2zq8azbcKen-6SjtNGytYHxT2IopNwWN6oK6C6xztYxPTk_x4PCCb_F-A